ТАНЫ ХҮҮХЭД БӨГТИЙГӨӨД БАЙГАА ЮМ БИШ БИЗ?

Өмнө нь буруу сууснаар ямар муу үр дагаврууд гарч болох талаар танилцуулсан бол энэ удаад хүүхдэдээ хэрхэн энэ талаар зөв ойлгуулж, цаашид юуг анхаарах талаар та бүхэн сонирхоорой.

  1. Хүүхдэдээ яагаад зөв суух нь чухал гэдгийг ойлгуулах

Буруу байрлалд удаан хугацаанд сууснаар ясны өсөлт хэвийн бус болох эрсдэлтэй учир олон төрлийн өвчин үүсэх магадлалтай байдаг бол зөв сууж хэвшсэнээр эдгээр аюулаас хол байж, цэх сайхан нуруутай болох болно гэдгийн сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Түүнээс гадна хүн зөв сууснаар илүү сайн амьсгалдаг гэдгийг эмч нар зөвлөж байгаа учир тархи ч мөн сайн ажиллаж хичээлээ төвлөрч хийх бүрэн боломжтой юм.

  1. Өөрийн биеэр үлгэр дууриалал үзүүлэх

Хүүхдэдээ зөв цэх суух хэрэгтэй гэж зааж зөвлөсөн хирнээ та өөрөө ажил дээрээ мөн гэртээ компьютерын ард буруу суугаад байгаа юм биш биз. Таны хүүхэд танаас үлгэр дууриалал авах болно. Тиймээс та өөрөө ч мөн адил зөв суухын ашиг тусыг сайтар судлаарай.

  1. Шаардлага хангаагүй хичээлийн ширээ, сандлыг солих

Ширээ сандлыг хүүхдийн өндөрт тохируулан сонгох нь маш чухал. Ширээ болон сандалны хоорондох зай дор хаяж тохой өндөр байх ёстой.

  1. Спортоор хичээллүүлэх

Хүүхдийн өсөлт хөгжилтөд нөлөөлөх хамгийн чухал зүйл бол дасгал хөдөлгөөн. Өнөөгийн нийгэмд олон хүүхдүүд компьютер, ухаалаг гар утас дээр маш их цаг зарцуулж байгаа бөгөөд спортоор хичээллэснээрээ үүнээс түр ч болов хол байх боломжтой. Тиймээс та хүүхдээ заавал ямар нэг спортын сургалтад хамруулаарай.