ХҮҮХДЭЭ ХЭРХЭН ӨӨДРӨГ ҮЗЭЛТЭЙ ХҮН БОЛГОЖ ӨСГӨХ ВЭ?

Та гэртээ хүүхдүүдийнхээ дэргэд өдрийн их ажлын ядаргаа, санхүүгийн асуудал, гэр орны асуудал гэх мэт олон асуудлууд дээр үргэлж гомдоллож суудаг юм биш биз? Таныг үргэлж гомдоллоод байвал хүүхдүүд чинь ч бас дуурайх болно. Сөрөг бодлууд дээр илүү төвлөрөх нь уур уцаар, стресс, гэр бүлийн хэрүүл маргааныг үүсгэдэг бол эерэг бодлууд дээр төвлөрч бусадтайгаа хуваалцах нь илүү сайхан маргаашийг бий болгоход тусалдаг байна.

Хийсэн зүйлээ батлах боломж байхгүй үед хүүхдийн “би хийж чадна” гэсэн өөдрөг үзэл нь хөгждөггүй байна. “Хүүхдийн хийх боломжтой ажлыг даалгахад тэд илүү өөртэй итгэлтэй болдог” хэмээн хүүхдийн сэтгэл судлаач профессор Tamar Chansky зөвлөсөн байна. 2 настай хүүхэд тоглоомоо хураах, 3 настай хүүхэд бохир хувцсаа угаалгахаар өгөх, 4 настай хүүхэд бохир тавгаа хураах г.м насанд нь тохирсон ажлыг хийлгэж байх нь чухал юм.

Бид бүгд л хүүхдээ үргэлж хамгаалахыг хүсдэг. Гэхдээ хүүхдээ юм болгоноос хойш татах нь нэг талаараа хамгаалж байгаа мэт боловч нөгөө талаараа тэднийг аймхай хулчгар нэгэн болгож байгаа хэрэг. Тэднийг бага багаар эрсдэлээ үүрэх чадвартай нэгэн болгосноор ирээдүйд өөртөө итгэлтэй, биеэ даасан хувь хүн болон төлөвшихөд чухал үүрэгтэй.

Хүүхэд тань анги дээрээ хэн нэгэнтэй маргалдах г.м. эцэг эхийн оролцоогүйгээр шийдвэрлэх боломжтой асуудалд аль болох хөндлөнгөөс оролцохгүй байвал зүгээр. Учир нь хүүхэд асуудлаа өөрөө шийдэж сурснаар бусадтай зөв харилцдаг, ирээдүйд өөдрөг үзэлтэй нэгэн болоход тустай.

Хүүхэд тань магадгүй би зурж чадахгүй, би тоондоо муу, би тийм ч ухаантай биш г.м аливаад бууж өгөх хандлага ажиглагдвал бусад хүүхдийн болон өөрт тулгарсан бодит жишээг үлгэрлэж, мөн өөрийнх нь ч бас өмнө нь шинээр амжилттай сурч байсан жишээг дурдаж тэдэнд чадна гэдэг урам зориг өгөх хэрэгтэй.